Enkhbaatar
Нийгмийн тэтгэврийн тогтолцоог
иргэний тэтгэврийн тогтолцоонд шилжүүлье
Өндөр насны тэтгэврийг улсын төсвөөс бүрэн хариуцан олгож байсан хуучин тогтолцоог манайоронд 1995 онд халж, ажил олгогч болон ажил эрхлэгчээс төлсөн шимтгэлийг нийгмийн хэмээх тогоонд цуглуулж, тэтгэвэр, халамжийг төрийн түшээд хуваарилан олгодог нийгмийн даатгалын хуваарилалт болох "Эв санааны нэгдлийн тогтолцоо"-нд шилжсэн.
Зах зээлийн шилжилтийн өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нийгмийн даатгалын тогтолцооны агуулга хуучин социализмын үеийнхээсээүндсэндээ өөрчлөгдсөнгүй, шинээр бүрдүүлсэн эрх зүйн орчин нь зах зээлийн эдийн засгийн нэр томьёотой боловч агуулгаараа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны шинжүүдийг агуулсан, бүхэлдээ төрөөс иргэдээ халамжилсан өнгө аястай байгаа. Хамгийн гол нь энэ механизм зах зээлийн эдийн засгийн үед байх ёстой зорилго, зарчимтайгаа нийцэхгүй байгаа юм. Нийгмийн хамгаалал, нийгмийн халамж хоёр нь холилдсоны улмаас төлбөр, шимтгэлээ төлсөн иргэний нийгмийн хамгаалал үндсэндээ байхгүй болж , улмаар  нийгмийн даатгалын асран халамжлах үүрэг нь давамгайлах болов. 
Зах зээлийн эдийн засаг гүнзгийрэн хөгжихийн хэрээр одоогийн тогтолцооны сөрөг, сул талууд улам илэрч, эцсийн дүндээ энэ тогтолцоо явцгүй гэдэг нь тод харагдаж эхэллээ. Үүний нотолгоо бол өнгөрсөн жилүүдээс эхлээд нийгмийн даатгалын сан алдагдалтай болж, 2030 он гэхэд ачааллаа даахгүй болж байгаа явдал юм.
Шинэчлэлийн Засгийн газрын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын мэдэгдэж байгаагаар тэтгэврийн сангийн алдагдал 2030 он гэхэд ДНБ-ий 4%-д хүрч, манай улсын 10 хүн тутмын 3 нь нийгмийн даатгалд даатгуулдаг боловч 10 даатгуулагч тутамд 4 тэтгэвэр авагч ногдох юм байна. Өмнөх 10 гаруй жилийн хугацаанд нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн мөнгөн хөрөнгийг улсын төсвийн алдагдлыг хаахад хэрэглэснээс тэтгэврийн сангийн хуримтлал үүсээгүй тухай албан ёсоор яригдсан. Мөн тэтгэврийн нэрийн данс үүсгэх гэх мэт нийгмийн даатгалыг иргэний даатгал руу чиглүүлэх оролдлогыг төр засгаас хэд хэдэн авч хийсэн боловч  нэгэнт нийгмийн халамжийг хэрэгжүүлэх үүргийг салган тусгаарлаагүйн улмаас одоо бодит байдал дээр нэрийн дансанд бодит мөнгөн хуримтлал байхгүй, зөвхөн хоосон тооцоолол болж  байна.Нийгмийн даатгалын тогтолцоо ганхах болсон нэг шалтгаан бол иргэдийн хуримтлуулсан хөрөнгийг Төр өөрийн орлого мэт үзэж төсвийн хэмээх том тогоотойгоо хольсон явдал юм. Үүний улмаас иргэд төлбөр хураамжаа төлөн байж үүсгэсэн хуримтлалаас угжуулдаг этгээд  нэгээр нэмэгдсэн төдийгүй,  тэтгэвэр нэмэх уралдаант амлалтаар  улс төрийн намууд сонгуульд өрсөлдөх гаж тогтолцоо бий болов.  Сүүлийн үед тэтгэврийн санд төрөөс нэмэлт санхүүжилт хийж байгаа гэж байгаа нь өмнөх аваад хэрэглэчихсэн мөнгөө нөхөн оруулж байгаа үйлдэл бөгөөд үнэн чанартаа урд хормойгоороо ард хормойгоо нөхөж байгаа ажил болж байна.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2013 оны эцсийн байдлаар Монгол улсад тэтгэвэрт гарсан 218.7 мянган хүн байсан бөгөөд нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэрт 594 тэрбум төгрөг олгосон нь 1 тэтгэвэр авагч сард дунджаар 226.3 мянган төгрөгийн тэтгэвэр авсан байна. Ийм хэмжээний тэтгэвэр хуний анхан шатны хэрэгцээг л хангаж чадахтай үгүйтэйбайгаа юм.
Гэтэл зах зээлийн эдийн засагтай орнуудад төрийн тэтгэврийн үйлчилгээний зэрэгцээ хувийн хэвшлийн тэтгэврийн даатгал үйлчилж, иргэдийг тэтгэврийн зориулалттай хуримтлалыг үр ашигтай, өгөөжтэй  үүсгэх үйлчилгээгээрээ өрсөлдөн үйлчилж, өндөр настай, хөдөлмөрийн чадваргүй болсон үед хэвийн амьдрах баталгааг олгон төрөөс нийгмийн өмнө хүлээдэг  чиг үүргийг хэрэгжүүлэхэд оролцдог  ажээ. Мөн бас нэг чухал шинж чанар нь иргэдийн нийгмийн баталгааг хангахын хамтаар ихээхэн хэмжээний хуримтлал үүсгэн, хуримтлагдсан эх үүсвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар эдийн засгийн хөгжилд томоохон дэмжлэг үзүүлдэг.
Ингэж мөнгөн хөрөнгийн хуримтлалаар иргэдийн нийгмийн хамгааллыг баталгаажуулахын хамтаар эдийн засгийн хөгжлийн санхүүгийн нэг гол эх үүсвэрийг бий болгож, “нэг сумаар хоёр туулай буудаж” болдог нь зах зээлийн эдийн засгийн мөнгөн хөрөнгийн гүйлгээний нэг гайхамшигт чанар юм байна.
Нийгмийн хамгааллын холбогдолтой аливаа асуудлаар, түүний дотор тэтгэврийн асуудлаар бодлого тодорхойлох, зохицуулах, хэрэгжүүлэх гэсэн үүргүүдийг бусад оронд төр нь иргэдтэй, хувийн хэвшилтэйгээ хоршин хэрэгжүүлдэг. Үүнд, төрөөс бодлогыг тодорхойлох, зохицуулах тал дээр голлох үүрэгтэй байдаг бол иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нь хэрэгжүүлэх ажлыг голлон нугалдаг. Манай орны өнөөгийн нөхцөлд дээрхи гурван үүргийг төр дангаараа үүрдэг хуучин сэтгэлгээнээсээ салж чадахгүй байгаагаас болж нийгмийн хамгааллын асуудал улам хүндэрсээр байна.
Сүүлийн жилүүдэд шинэчлэлийн Засгийн газраас зах зээлийн эдийн засгийн механизмуудыг цаашид гүнзгийрүүлэн боловсронгуй болгоход анхаарч ажиллах эхлэл тавигдаж байна.Өнгөрсөн онд “Үнэт цаасны зах зээлийн тухай”, “Хөрөнгө оруулалтын тухай” хуулиудыг шинэчилж, “Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хуулийг шинээр баталлаа.
Нөгөө талаас, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Нийгмийн хамгааллын бодлого” гэсэн хэсэгт олон давхаргат болон хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог нэвтрүүлэхзорилт дэвшүүлсэн. Өмнө нь холбогдох төрийн байгууллагууд олон давхаргат тэтгэврийн тогтолцоо нэвтрүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх, тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, ирээдүйн тэтгэврийн санг байгуулах зэрэг асуудлуудыг судлан хэлэлцэж байсан.Одоо нийгмийн даатгалын төв байгууллагууд 3 давхаргат нийгмийн тэтгэврийн тогтолцоо нэвтрүүлэх тухай тодорхой ярьж байна.

Бодит амьдрал дээр дээрхи зорилтыг шийдвэрлэх механизмуудын эхлэл хувийн хэвшилийн хүрээнд тавигдаад байна. Ард санхүүгийн нэгдлийн “Ард актив” ХЗХ,  Голомт банк, Бодь группийн “Тус” сан, Тэнгэр группийн МТНД ХХК зэрэг хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх нэгжүүд үүсч, Нэйшнл Лайф Даатгал ХХК нь иргэний тэтгэврийн даатгалын үйлчилгээ санал болгоод эхэлжээ.
Олон улсын практикийг авч үзвэл, ихэнх оронд хувийн тэтгэврийн сангууд нь тухайн улсынхаа  тэтгэврийн тогтолцооны нэг  бүрэлдэхүүн хэсэг байдлаар үйлчилдэг бол Чили, Аргентин, Швед, Итали зэрэг орнуудад хувийн хэвшлийн тэтгэврийн үйлчилгээ нь нь төрийн тэтгэврийн томоохон хэсгийг орлох үүрэгтэй болжээ. 1990 онд байгуулагдсан Норвегийн тэтгэвэр, тэтгэмжийн санөндөр өгөөжтэй гэдгээрээ алдартай хэвээрээ байгаа бол Канадын 250 мянган багш нарыг хамарсан багш нарын тэтгэврийн сан үйл ажиллагаагаа өргөжүүлж, Британийн үндэсний сугалааны бизнесийн консорциумыг ч 2019 он хүртэл удирдахаар болж байна.
Их Британи ойрын 2 жилд өндөр насны тэтгэврийн асуудлыг хувийн хэвшлийн тэтгэврийн сандаа шилжүүлэх гэж байгаа бол ОХУ-д улсын тэтгэврийн сангаас хувийн тэтгэврийн санд шилжих шилжилтийг яг одоо хэрэгжүүлж байна.
Шинэчлэл хэрэгжүүлэх лоозонтой гарч ирсэн шинэчлэлийн Засгийн газар нийгэм, эдийн засгийн даацтай зарим шинэчлэлийг бодитойгоор хэрэгжүүлмээр байна. Ийм шинэчлэл нь хаа нэгэн газраас хуулсан биш, харин зах зээлийн эдийн засагт заяагдмал механизмыг хэрэгжүүлэх зарчмаар явах юм.
Иймд нийгмийн тэтгэврийн тогтолцоог иргэний тэтгэврийн тогтолцоонд шилжүүлье. Энэ чиглэлд дараахи арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх саналтай байна. Үүнд:
1. Нийгмийн хамгааллын талаархи бодлого, стратегийг тодорхойлох, зохицуулах үүргийг төр нь хариуцаж, бодлогыг хэрэгжүүлэх үүргийг хувийн хэвшилд шилжүүлдэг зарчмыг цаашид баримтлах.
2. Нийгмийн хамгаалал болон нийгмийн халамжийн үүргүүдийг зааглан салгаж , тус тусад нь бие даалгах.
3. Нийгмийн даатгалын байгууллагыг нийгмийн хамгааллын зохицуулах агентлаг болгож өөрчлөх .
4. Нийгмийн тэтгэврийн даатгалаас иргэний /нэрийн/ тэтгэврийн  даатгалын тогтолцоо руу тууштай орох.
5. Нийгмийн тэтгэврийн тогтолцоог иргэний тэтгэврийн тогтолцоонд шилжүүлэх үйл ажиллагааг 2015 оноос хэрэгжүүлж эхлэх.
6. Ингэхдээ 2015 онд хөдөлмөрийн насанд хүрч, хөдөлмөр эрхлэлтэд шинээр хамрагдах иргэд болох 1997 оноос хойш төрөгсдийг иргэний тэтгэвэрт хамруулж эхлэх.
7.  Ингэснээриргэдийн мөнгөн хөрөнгийг нэрийн дансанд нь тухайлан хуримтлуулдаг, даатгалын нэмэлт үйлчилгээ үзүүлдэг, амь нас нь эрсдсэн тохиолдолд тэтгэврийн хуримтлалыг ар гэрт нь олгодог, өв залгамжлуулдаг зэрэг зарчмын шинэ үйлчилгээ хэрэгжиж, одоогийн улсын нийгмийн тэтгэврийн тогтолцооны дутагдалтай талуудаас ангижрах болно.
8. Харин 1997 оноос  өмнө төрөгсдийн тэтгэврийн асуудлыг нийгмийн тэтгэврийн даатгалд нь үлдээж, уг асуудлыг төрөөс тухайн жил бүрийн төсвийн бодлоготой уялдуулан шат дараатайгаар шийдвэрлэх.
Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр нийгмийн томоохон тулгамдсан асуудлыг хэсэгчлэн, ачаалал, эрсдэл багатай шийдвэрлэх бололцоог нээж, улмаар тэтгэврийн шинэ, хуучин тогтолцоог заагласнаар янз бүрийн будлиан, хүндрэл бэрхшээлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Зүйрлүүлж хэлбэл, нийгмийн хамгааллын тогтолцооны шинээр, эрүүлээр хөгжиж эхлэх шинэ хэсгийг хуучны, өвчилсөн хэсгээс нь шууд тусгаарлах замаар шинэчлэлийг эрчимтэй хийх гэсэн үг ээ.
Гэхдээ энд төрийн оролцоо байх нь гарцаагүй. Энэхүү оролцоо нь зах зээлийн эдийн засгийн зарчимдаа нийцсэн байж, тэтгэврийн шинэ тогтолцоог хувийн хэвшил хэрэгжүүлж, төр уг үйл ажиллагаа хэрэгжих эрх зүйн орчин, нөхцөл бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хянаж байх болно.
Хувийн тэтгэврийн тогтолцоо, хувийн тэтгэврийн сангуудтай холбоотой нэг чухал асуудал бол түүний менежментийн асуудал юм. Хувийн тэтгэврийн сан нь ямар нэг хэмжээгээр ажил олгогчийн нөлөөлөлд байж, ашиг сонирхлын зөрчил үүсдэг, мөнгөн хөрөнгийг нь санхүүгийн хувьд баталгаажуулж, эрсдлээс хамгаалж байх шаардлагатай зэрэг шалтгаануудын улмаас уг сангуудын менежментийг мэргэжлийн хөрөнгө оруулагч нар хийдэг нь зах зээлийн эдийн засгийн энэхүү механизмын гол онцлог юм. Хөрөнгө оруулалтын сангууд ч мөн энэ зарчмаар ажилладаг.
Дээрхи мэргэжлийн хөрөнгө оруулагчийн үүргийг амьдралын даатгалын компаниуд хэрэгжүүлдэг практик өнөөдрийн өндөр хөгжилтэй орнуудад өргөн хэрэглэгдэж байна. Урт хугацааны хуримтлалын даатгал нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн удирдлагаараа хувийн тэтгэврийн сангуудыг мэргэжлийн түвшинд хангахын хамтаар мөнгөн хөрөнгө хуримтлагдах явцад үүсэх эрсдлийг даатгадагаараа онцлогтой ажээ.Зах зээлийн эдийн засаг дахь санхүүгийн механизмуудын нарийн үйлчилгээг мэддэггүйгээс болж ихээхэн эрсдэл үүсдэгийг хэдхэн жилийн өмнө тохиосон  Хадгаламж, зээлийн хоршоодын дампуурал бидэнд сануулж байна.
Шинэчлэлийн Засгийн газар ийм шинэчлэлийг хийж, шинэчлэгчийн үүргээ гүйцэтгэх цаг болжээ.
                                                                                                            Энхбаатар С.
                                                                                                            Өнөөдөр, 2014.6.25, № 148
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)