Enkhbaatar
· Гүег хаан - 1206-1248 он - Монголын 3 дахь Их хаан, Чингис хааны ач, Өгөдэй хааны ууган хүү.

· Ромын Пап ламын /их хамба/ төрийн элч Плано Карпини 1246 оны намар их хаан Гүегт бараалхаж, Ромын Пап  IV Иннокентийн албан бичгийг өргөн барьжээ. П.Карпини Монголд анх удаа ирж, Ромын Пап ламын захиаг Гүюг хаанд уламжилжээ. Ромын зүгээс ирүүлсэн захианд Гүег хааныг христийн шашинд дагаар орохыг ятгасан байв.

· Монголын талаас хариу бичгээ 1246 оны 11-р сарын эхээр төлөвлөн бичиж, перс, латин хэлээр хөрвүүлж, 2% хувь үйлдэж, сарицин хэлнээ орчуулан хавсаргажээ. Захидлыг 20 см өргөн, 120 см урттай цардмал цаасан дээр бичсэн байдаг.

· Гүег хаан барууны ертөнцийн /Европыг/ эзэн гэгдэж байсан Ромын Пап ламд “Мөнх тэнгэрийн хүчин дор. Бүх аугаа их ард иргэдийн далай хааны зарлиг, зарлигийг минь шашны эзэн ухаартугай. Пап чи өөрийн биеэр бараалхахаар ир. Тэнгэрийн бошгоос гадна хэн ч үлдэж үл болно. Хэрвээ буруу санаа өвөрлөвөөс хэрхэхийг тэнгэр мэдмой...” хэмээн эрх сүрээ үзүүлсэн захидлыг илгээжээ.

· Захидлын дунд болон баруун доод буланд буюу бичээсийн төгсгөлд Монголын их хааны тамгыг дарж баталгаажуулсан байдаг. Энэ нь Монголын эзэнт гүрний хасбуу тамганы цор ганц дардас юм. Дардсаас үзвэл их хаан 15.5x15.5 сантиметрийн хэмжээтэй тамга барьж байжээ. Тамганы бичээст Монголын эзэнт гүрний хаан дэлхий дээрх эрхэм дээдэс, бурхнаас илүү гэсэн утгатай үг сийлсэн байдаг. Гүег хааны тамганы дардсыг сийрүүлбэл “Мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын Далай хааны суу залиар ил булхай иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” хэмээжээ.

· Дэлхийн хамгийн нууцлаг бөгөөд асар их түүхийн баримт бүхий номын сан Ватикан улсад /Христийн шашны төв, хот- улс/ байдаг. Энэхүү Ватиканы номын сан буюу нууц архивт зөвхөн Ромын папын зөвшөөрөлтэй судлаачдыг нэвтрүүлдэг. Тус архивын номын тавиуруудын нийт урт 85 километр бөгөөд 600 архивын нэгж, 40 мянган номын цуглуулгатай. Энэхүү нууц архивт Монголын их хаан Гүегээс Ромын пап IV Иннокентэд 1246 онд илгээсэн захидал, Ил хаан Абагын “Үг мину” зарлиг, Ил хаан Аргунаас IV Николаст 1290 онд илгээсэн зарлиг, Ил хаан Газанаас VIII Бонифаст 1302 онд илгээсэн захидлын эх хувийг 800 жилийн турш хадгалж байна.

· Гүег хааны захидлын хуулбарыг Монголын Үндэсний музейд хадгалж байна.

· Гүег хааны энэхүү захидлыг Оросын сүмийн бичээч, түүхч Кирилл Королевский 1920 онд олж, гэрэл зурагг буулган авч, Ираны эрдэмтэн Массэ гэгчид өгч судлуулжээ. Массэ захидлыг анх орчуулж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан.

· Бүрэн эхээрээ бол:
Зарлигийг минь шашны их хаан ухаартугай. Корал хэмээх газар хурилдай хийж ахуйд та нар элч томилон гуйчлуулав. Гуйчлалыг чинь элчдэн сонсов. Та нар хэрвээ өөрийн үгэндээ суух болбол шашны их хаан чи биеэр ирж бидэн лүгээ учрах хэрэгтэй бөгөөд би та нарт засагт дурдаж бүхий зарлиг бүхнийг сонсгосугай.

Бас надад угаалын ёсыг хүлээлгэх нь сайны ёс хэмээн та нар хэлэв. Та нар элч томилон гуйчилсан нь цэцэн болой. Гэвч бид таны гуйчлалыг ойлгоогүй болой. Бас та нар элч томилж, Та нар бүх Мажар ба Христосын мөргөлтний орныг эзлэв хэмээнэ. Би ихэд цочив. Бидэнд авч хэлбэл энэ нь аль хэр буруу аж? хэмээн надад хэлүүлэв. Эдгээр үгийг тань бид үл ойлгов.

Чингис хаан хийгээд хаан миний бие басхүү элч томилон тэдгээр хоёр хүмүүсийг тэнгэрийн бошгыг дагатугай хэмээв. Гэвч тэдгээр хүмүүс тэнгэрийн бошгыг эс дагав. Чиний өгүүлэн бүхий тэдгээр хүмүүс их чуулган цуглаж, ихэд дээрэнгүй аашилж, манай элчийг алав. Тиймээс мөнх тэнгэрийн хүчинд, тэдгээр орны хүмүүсийг алсан бөгөөд устгасан болой. Харин зарим хүмүүсийг тэнгэрийн бошго ба түүний хүчээр аврав. Энгийн иргэдийг хэрхэн барих ба алах вэ?

Чи өгүүлсэн биш үү? Би бол Христос мөргөлтөн. Дээд тэнгэрийг хайрлана. Байлдааныг жигшинэ. Гэтэл дээд тэнгэр чинь эл нүгэл хийсэн атал бас энэрэхүй сэтгэлийг өвөрлөнө гэснийг чи мэдэх үү? Чи ийм үг өгүүлсэн бөгөөтөл дээд тэнгэрээ хэрхэн таних вэ?

Наран мандах орноос, наран шингэх орон хүртэлх бүх ертөнцийн тэнгэрийн хүчин маныг ивээв. Тэнгэрийн бошгоос гадуур хэн ч дураар үйлдэж үл болно. Одоо та нар бид болбол танай харьяат албат, эд хөрөнгийг дуртай өргөнө хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй бөгөөд чиний харьяат ван нараа дагуулан нэг ч хоцролгүйгээр бидэнд бууж өгөх хэрэгтэй. Ийм болбол бид та нарыг эеэр дагагч хэмээн үзнэ.

Хэрвээ та нар тэнгэрийн бошгыг үл даган, зарлигийг минь эсэргүүцвээс даруй дайсан хэмээнэ. Дээр дурдсан аливаа зарлиг бүхнийг ухаартугай. Хэрвээ буруу санаа өвөрлөвөл хэрхэхийг тэнгэр мэднэ.” гэжээ.

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)