Enkhbaatar
Баялгийг ердийн даатгалд даатгадаг бол
баялаг бүтээгчдийг өөрсдийг нь амьдралын даатгалд даатгадаг

Монгол улс эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон Үндсэн хуулиа баталж, эдийн засаг, нийгмийн шинэ орчинд орсноос хойш 20 гаруй жил хөгжлөө.
Цагаан сарын өмнө Увс аймагт нэг айлын 2 охин төөрч, нэг нь амиа алдаж, нөгөө нь гүн хөлдөлтөд оржээ. Цагаан сарын уламжлалт үргэлжлэл болон энэ тэндхийн өвлийн хурдан морины уралдаанууд эхлэх үед морь унагч хүүхдүүдийн хамгааллын тухай баахан ярьцгааж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, “хурдан морины төлөө үндэсний зөвлөл” хоёрын аль дийлэх тухай ч ярьлаа.Үүнээс үндэслээд хүний, түүний дотроос өсвөр насны хүүхдийн  алтан амь насны асуудлыг хөндье.
Монгол улсын хүмүүнлэг, ардчилсан Үндсэн хуульд зааснаар мал сүрэг, газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг төрийн хамгаалалтад байдагийг хүн бүр мэднэ. Харин Монгол улсын иргэний, түүний дотроос улс орны ирээдүй болсон өсвөр насны хүүхдийн алтан амь нас хэний хамгаалалтад байдаг вэ. Хувь хүний өмч үү, өөрөө өөрийгөө л хамгаалах ёстой юу.
Гэтэл нөгөө талаасаа, Монгол улсын иргэн амьд явах эрхтэй гээд Үндсэн хуулиндаа заачихсан байдаг. Уг нь эрх зүйт төрийн онолоор бол энэхүү хүний амьд явах эрх, амь, амь насыг төр нь бас хамгаалах ёстой бус уу. Үүнтэй холбогдуулан тэмдэглэхэд, зуд турхан болоход “мал төрийн хамгаалалтад байдааг, төр хаана байна вэ” гэцгээдэг малчид малаа нядлах болохоороо “эзэн нь юмаа мэдье” гэдэг билээ. Энэ асуудлыг шийдэх гарцыг мэдэхгүйн улмаас шийдэхгүй байсан төр засаг сүүлийн жилүүдэд учрыг нь олж, арга хэмжээ авч эхэллээ. Төрийн хамгаалалт гэдэг бол төр очиж өөрөө хамгаалж өгөх асуудал биш билээ. Харин төр нь хууль тогтоомжоо гаргаад, тэр хууль тогтоомжоороо дамжуулан хамгаалах, ингэхдээ эзнээр нь хамгаалуулах ажлыг зохион байгуулах учиртай. Энэ утгаараа УИХ-ын хаврын чуулганаар “Малын индексжүүлсэн даатгалын тухай” хуулийг хэлэлцэх ажээ. Өөрөөр хэлбэл, төр нь хууль гаргасны дагуу эзэн нь малаа даатгуулж, энэ механизмаар дамжуулан төр нь мал сүргийг хамгаалалтад байлгах юм. За, ингээд малаа даатгачихлаа.
Одоо хүмүүнлэг, ардчилсан нийгмийн нэг тулгуур чулуу болсон өмчийн асуудлыг авч үзье. Өмчлөлд багтах эд зүйлс нь хувийн өмч бөгөөд халдашгүй дархан эрхтэй боловч нийгмийн баялгийн бүрэлдэхүүн учраас мөн төр оролцож, түүний бүрэн бүтэн байдлыг анхаарч байдаг. Энд харин өмчөө хамгаалах эсэх, яаж хамгаалах нь эзний асуудал боловч бас төрийн оролцоо бий.
Өнөөдрийн байдлаар манай улсад өмчтэй холбоотой барилга угсралтын даатгал, маь, амьтдын даатгал, хөрөнгийн даатгал, ачааны даатгал, авто тээврийн хэрэгслийн даатгал, агаарын хөлгийн даатгал, санхүүгийн даатгал гээд 80 шахам даатгалын бүтээгдэхүүн бий. Санхүүгийн зохицуулах хорооны тайлангаар 2013 онд даатгалын компаниудын даатгалын хураммжийн хэмжээ 93.9 тэрбум төгрөг болж, 2012 оноосоо 1.2 дахин өсчээ. Даатгалын бүтээгдэхүүнээр нь авч үзвэл, хамгийн их даатгагдсан хөрөнгийн даатгал 25.6 тэрбум, авто тээврийн хэрэгслийн даатгал 16.3 тэрбум, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал 15.2 тэрбум, гэнэтийносол, эмчилгээнийзардлындаатгал 9.1 тэрбум, хариуцлагын даатгал 7.1 тэрбум төгрөг болж байна. Нийт даатгалын 65.6% нь эд хөрөнгөтэй холбоотой даатгал ажээ.
2013 оны дүнгээр монголчууд авто тээврийн хэрэгсэл, машинуудынхаа даатгалын хураамжид 16.3 тэрбум төгрөг зарцуулсан байгаа нь даатгалын хураамжийн дүнгээрээ хоёрдугаарт орж байна. Даатгалын үнэлгээ нь үүнээсээ хэдэн 10 дахин өндөр байгаа нь мэдээж. За, ингээд малаа даатгачихлаа, машинаа даатгачихлаа. Хүмүүнлэг, ардчилсан нийгмийн хамгийн гол баялаг болох хүнээ, түүний амь насыг яах ёстой вэ.
Өнөөдрийн нийгмийн тогтолцоонд хүний амт насны хамгаалалт нь үндсэндээ нийгмийн даатгалын эрүүл мэндийн даатгалаар дамжин хэрэгжиж байна. 2013 оны тоо баримтаар эрүүл мэндийн даатгалын санд өнгөрсөн онд 1.1 их наяд төгргөгийн орлого хуримтлагдаж, үүнээс 64.5% буюу 738.4 тэрбум төгрөгийн зарлагыг давхардсан тоогоор 21.7 сая даатгуулагчид үзүүлжээ. Үүнээс нийт зарлагын 89.8%-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулсныг тооцвол 1 хүнд дунджаар 30539.6 төгрөгийн үйлчилгээ үзүүлжээ. Эрүүл мэндийн нийгмийн даатгалаар олгодог эмчилгээний зардлын нөхөн олговрын дээд хэмжээ нь 1.3 сая төгрөг л байдаг.
Гэтэл Увсад хөлдсөн охины хөлийг тарих мэс засал, дараахи эмчилгээнд энэ мөнгө хэр хүрэлцэх вэ. Тэр охиныг нийслэлд авчирч Гэмтлийн эмнэлэгт хэвтүүлэхэд замын зардлыг нь нэг хувийн даатгалын компани сайн санаагаар тусалж төлбөрийг нь хариуцсан байна.
Өнөөдрийн байдлаар манайд байгаа нийгмийн даатгалын тогтолцоо нь иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн эрсдлийн голыг дааж байгаа боловч нийгмийн хөгжил, зах зээлийн үүднээс авч үзвэл ихээхэн хязгаарлагдмал юм. Ингэхдээ даатгагчдаас хуулийн дагуу хүчээр хурааж байгаа хураамжийг нийтийн 1 том тогоонд хийгээд, эв нэгдлийн зарчмаар хуваарилдаг бөгөөд хуримтлуулсан мөнгөн хөрөнгө нь ягтухайн даатгуулагчдаа өөрт нь хүрдэггүйдтүүний хязгаарлагдмал шинж нь байгаа юм. Тодруулж хэлбэл, насаараа хураамж төлж байгаад насаа болохоор тэтгэвэрт гарч тэтгэвэр авна, авч байгаа тэтгэврийн хэмжээ авч байсан цалингаас тодорхой хэмжээгээр хамаарах боловч чи яг өөрийн хуримтлуулсан мөнгөө бүрэн авахгүй. Хамгийн нүгэлтэй хувилбараар бодоход тэтгэвэртээ гараад 1 жил болоод л бурхны оронд одоход танай ар гэрт 1 л сарын тэтгэвэр олгоод, насаараа хураасан даатгалын хураамжийнхаа 1%-ийг хүртэхгүй өнгөрч мэднэ.
Тэгэхээр улс орны ирээдүй болсон үр хүүхдийнхээ амь насыг, одоо болон ирээдүйг яаж зах зээлийн механизмын дагуу баталгаажуулах вэ.Одоогийн нийгмийн даатгалын хязгаарлагдмал шинж, хомсдлыг яаж нөхөх вэ. Үр хүүхдийн маань одоо гэдэг нь манай орны онцлог нөхцөлд байдалд тэдгээрийн амь насыг яаж баталгаажуулах вэ гэдэг асуудал юм. Цаашдаа ингээд л эцэг эх нь саахалтынхаа айлд цагаан сарын бууз хийх гээд явах үеэр өсвөр насны хүүхдүүд цасан шуурганд осгож амиа алдаад л, үнэхээр бурхны өршөөлөөр амиа алдаагүй нэг нь тахир дутуу болоод л байх уу. Ирээдүй гэдэг нь төрийн халамжаар дунд сургуулиа төгсчихөөд ажил амьдралдаа хөл тавихад нь төрөөс яаж дэмжих ёстой вэ гэдэг асуудал юм.
Барууны орнуудад хүүхдүүдээ дунд сургуулиа төгсөөд л, суурь боловсролын аттестатаа авангуут нь эцэг эх нь “за, одоо өөрөө ингээд хөл дээрээ бос, их дээд сургуульдаа сурч, дээд боловсрол эзэмшинэ үү, тусгай мэргэжилтэй болж, мэргэшлийн ажил эрхэлнэ үү, шууд ажил хийж хоолоо олж иднэ үү, сайн дурын хөдөлмөрөө эрхэлж дэлхийгээр нэг тэнэнэ үү, өөрөө мэд” гээд шууд бие даалгадаг тухай ярьдаг. Гэхдээ энэ нь үүргэвчийг нь үүрүүлээд л гэрээсээ хөөчихнө гэсэн үг бас биш бололтой. Цаашид их, дээд сургуульд сурах гайгүй хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн хандив, тусламж, зээл, амьдралын даатгалын тогтолцоо байдаг ажээ. Тэр битгий хэл, төрөөс үүнд чиглэлсэн тодорхой механизмууд байдаг ажээ. Гэхдээ энэ нь манай одоогийн “алдарт” 70 мянга шиг халамжийн шинжтэй бус, зах зээлийн эдийн засгийн механизмтай юм байна.
Ийм механизм нь амьдралын даатгал ажээ.Хүмүүсийн амь нас, эрүүл мэнд эрсдсэнээс үүдэн гарах хохирлыг барагдуулах мөнгөн хөрөнгө бий болгож байсан тухай мэдээлэл хүн төрөлхтний нилээн түүхийн эрт үеэс тэмдэглэгджээ. Эртний Ромд мэргэжлийн цэргийнхний дунд харилцах туслах сан гэж байсан бол шашны оршуулгын кассууд ч байжээ. Хувийн даатгалын харилцан туслалцах энгийн хэлбэрүүдийг дундад зууны гар урлалын цех, хоршоодод хэрэглэж байв.

Харин Европод 17-18-р зууны зааг дээр амьдралын даатгалыг далайн тээврийн даатгалд нэмэлт болгон бие даасан бизнес хэлбэрээр үүсгэн байгуулжээ. Өөрөөр хэлбэл, далайн хөлөг онгоц болон ачаа барааг даатгахын хажуугаар хөлөг онгоцны ахмадын амь насыг урт хугацаагаар даатгадаг байжээ. Ийнхүү эрдэнэт хүний амь насыг ачаа бараанаас илүүгээр үнэлж, түүгээр ч барахгүй, олон жилээр, урт хугацаанд даатгадаг болсноор даатгалын тогтолцооны хөгжилд чанарын нэг алхам хийгдэж, амьдралын даатгал үүссэн түүхтэй юм.

Улмаар даатгалын энэ төрлийг шинжлэх ухааны үндэстэйгээр хөгжүүлэх шаардлага үүсэн гарч, английн бизнес эрхлэгч Жеймс Додсон 1663 онд Лондонгийн оршуулгын газруудад судалгаа хийж, нас барагсдын дундаж нас болоод жилд нас бардаг тохиолдлын тоог тогтоож, уг статистик мэдээллээ амьдралын даатгалын хураамжийн тооцоололд ашиглажээ. Цаашид магадлалын онол хөгжиж, амьдралын даатгалын тооцоололтой Францын алдарт математикч Блез Паскаль, Пьер Ферма нарын нэр ч холбогддог.

Амьдралын даатгал нь үнэхээр хүний амьдралын боломжит хэрэгцээ шаардлагыг аль болох бүрэн дүүрэн хангах зорилгоо улам бүр биелүүлэх болж, 1740 онд “Сайхан амьдралын нийгэмлэг”-ийг байгуулсан бол 1762 онд анхны даатгалын компани “Шударга амьдралын даатгалын нийгэмлэг”нэртэйгээр үүсэн байгуулагдаж, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидний хийсэн харьцуулалтаар өнөөдөр манайд хэрэглэж байгаа даатгалын гол 13 бүтээгдэхүүнээр авч үзэхэд амьдралын даатгал нь 10 төрөлд нь үйлчилгээ үзүүлж байхад ердийн даатгал 5 төрөлд нь үйлчилгээ үзүүлж байна.
Амьдралын даатгалын амин сүнс нь эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг өргөн хүрээгээр даатгадаг ажиллагаа юм. Ердийн даатгалтай харьцуулбал гэнэтийн ослоос гадна бүх төрлийн өвчин эмгэгээс даатгадагаараа давуутай. Мөн амь насыг тань таны эд хөрөнгөтэй холбосон орон сууцны зээлдэгчийн амь насны даатгал ч байна.  Таны амь насыг зөвхөн Монголдоо даатгаад зогсохгүй, дэлхийн аль ч оронд өдөр шөнөгүй үйлчлэх амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтаас даатгах үйлчилгээнд ч хамруулна.
Амьдралын даатгал нь амь нас, эрүүл мэндээс гадна хүний амьдрал ахуй, амьжиргааг мөн даатгаж байна. Амьжиргаа гэдгийн доор нэмэлт тэтгэвэр, тэтгэврийн даатгалын өв залгамжлал, эрүүл мэндийн онцгой даатгалууд, хүүхдийн их, дээд сургуулийн төлбөрийн хуримтлал зэргийг хамруулан хэрэгжүүлж байна.
Тэгэхээр хүүхдийнхээ амь нас, ирээдүйг амьдралын даатгалд хамруулдаг зах зээлийн зарчмыг хэрэгжүүлэхэд төр засгаас анхаарах хэрэгтэй юм. Бүгдийг төр засгаар хийлгэх тухай биш, төр засгаас дэмжих тухай ярьж байна. Өнгөрсөн он шиг “үнэ тогтворжуулах хөтөлбөр” гаргаж, хувийнтодорхой компаниудад тэр тэрбумаар нь өгөх тухай яриагүй байна. Харин нийгмийн тодорхой хамгааллыг хэрэгжүүлж, түүнийгшээ амьдралын даатгалд хамруулах тухай ярьж байна.
Бидний анхны жишээг авч үзвэл, хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүд байгалийн хамгийн их эрсдэлд өртдөг. Гэр, сургуулийнхаа хооронд хээрээр явдаг, малаа малладаг, хээр амьдардаг энэ хүүхдүүд цасан шуурга, усны үед зэрэг хамгийн их нэрвэгддэг. Иймд ийм нөхцөлд амьдардаг хүүхдүүдийн амь насыг амьдралын урт хугацааны даатгалд хамруулж, түүний тодорхой хэсгийг нь төрөөс хариуцвал одоо төр иргэнийхээ амьд явах эрхийг хамгаалж байгаа бодит алхам болох юм биш үү. Ийм даатгал нь хүүхдийн амьдрах орчин өөрчлөгдсөн тохиолдолд үйлчлэл нь зогсож, харин насанд хүрсэн тохиолдолд амьдралын даатгалын шинэ бүтээгдэхүүнд шилжиж байж болох юм. 
Хүүхдийн ирээдүйн тухай ярихад бид цоо шинэ юм бүтээх хэрэг байхгүй. ӨнөөдөрАНУ-д"529 College Savings Plan" төслөөр мужуудын төсвийн дэмжлэгтэйгээр, Канадад"Registered Education Saving Plan" (RESP) төслөөр хүний нөөцийн хөгжлийн сан болон иргэдийн оролцоотойгоор, Сингапурт"Edusave" төслөөр улсын хөрөнгө оруулалтын сангийн дэмжлэгтэйгээр их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг төлөх хөрөнгийг хуримтлуулж шийдвэрлэдэг ажээ. Эдгээр нь дотроо тухайн улсын онцлогоос хамаарч ялгавартай, өөрөөрөөр хэрэгжүүлдэг боловч  хуримтлал үүсгэх нь гол үзэл санаа нэг байгаа юм.  Ийм ижил төстэй  механизмуудыг Казакстан, Белорусь улсуудад хэрэглэж байна.
Зах зээлийн харилцаанд орсноор монголчуудийн “эдийн засагч” шинж чанар огцом нээгдсэн, “бидэнд хийж чадахгүй юм гэж байхгүй, бид дээд тэнгэрээс заяатай онцгой авъяастай”  гэж бид сүүлийн 20 жил ярьлаа. Даатгалын зах зээлийн төлөв байдлаар авч үзвэл үнэхээр, “эдийн засагч” шинж чанарынхаа дагуу хамгийн түрүүнд эд хөрөнгөө даатгачихдаг юм байна, малаа, машинаа даатгачихлаа.
Одоо үр хүүхдээ бодох цаг болжээ. Үр хүүдийнхээ амь насыг нь, эрүүл мэндийг нь, ирээдүйн амьжиргааг нь одоо даатгах цаг болсон юм биш үү. Нийгмийн даатгалын хязгаарлагдмал байдлыг харгалзан зах зээлийн эдийн засгийн хуулийн дагуу амьдралын даатгалыг өргөжүүлж, юуны өмнө түүнд хүүхдүүдийнхээ амь нас, ирээдүйн боловсролыг даатгаж эхэлье. Баялгийг ердийн даатгалд даатгадаг бол баялаг бүтээгчдийг амьдралын даатгалд даатгадаг нь зах зээлийн эдийн засгийн жам ажээ.
                                                                                                                                                                                                                                                                  С.Энхбаатар                                                                                                                            
Өдрийн сонин, 2014.4.17, № 94

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)