Enkhbaatar
Шийдлийн ЗГ тодорхой асуудлуудаа шийдээд эхлээч

Сүүлийн үед яригдаж байгаа нэг тоо бол Монгол улс зах зээлд шилжсэнээс хойшхи 25 жилийн хугацаанд 14 Засгийн газрын сольсон ажээ. Хуучин нам төрийн эрхийг барьж байх үед гүйцэтгэх засаглал харьцангуй тогтвортой байдаг байсан бол шинэ намууд дангаараа болон хамтарч төрийн эрхийг барьж байх үед үед гүйцэтгэх засаглалаа 2, 3, 4 удаа сольж байжээ.

Засгийн газар тогтвортой байх үед Засгийн газраа эхлээд Бямбасүрэнгийн, Жасрайгийн гэж нэрлэдэг байсан бол ороо бусгаа үед өмнө нь тодотгол хийж, эв нэгдлийн, үндэсний эв нэгдлийн, шинэчлэлийн гэх зэргээр нэрлэдэг болсон. Одоо шинэчлэлийн Засгийн газар шийдлийн Засгийн газраар солигдсон.

Үүний дагуу Засгийн газар УИХ-аар "Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг батлах тухай тогтоолыг энэ оны 2 дугаар сард гаргуулж, улмаар 211 зүйл заалт бүхий “Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. Мэдээж, шийдлийн Засгийн газар учраас үлдсэн хугацаандаа шийдэх асуудлуудаа ингэж нарийвчлан тусгаж байгаа нь зүйтэй юм.

Зах зээлийн эдийн засагт шилжсэн гэж үзээд байгаа өнгөрсөн 25 жилд, 14 Засгийн газар солих хугацаандаа бид юуг шийдээ вэ. Өнгөрсөн жилүүдэд бид зах зээлийн эдийн засаг хэмээх шинэ бие махбодийн үндсэн эрхтнүүдүүд болох хувийн хэвшил, түүнд зохицсон төсөв, санхүү, татвар, гааль зэргийг шинээр үүсгэн бий болгожээ. Тэдгээрийг удирддаг оюун ухааны тогтолцоо гэж нэрлэж болох УИХ, Засгийн газар, яам агентлагууд зэргийг бүрдүүлжээ. Энэхүү эдийн засгийг удирдах төрийн удирдлага нь шинэ ажил үүрэгтээ суралцаж, шилжилтийн эхний үед голдуу олон улсын санхүүгийн байгууллагуудын /Олон улсын Валютийн сан, Дэлхийн Банк/ заавар зөвөлгөө, санхүүгийн дэмжлэгийн дагуу ажиллаж, сүүлийн 10 гаруй жил бие даан шийдвэр гаргах чигтээ орсон боловч цэгцтэй цогц шийдэл гаргах чадвар бүрэн суугаагүй байлаа.  

Одоо бид юуг шийдэх ёстой вэ. Сүүлийн үед судлаач эдийн засагчдын үзэж байгаагаар бол Монголын  эдийн засаг дахь зах зээлийн харилцааг цогц байдлаар нь төлөвшүүлж дуусгах, зах зээлд заяагдмал тэр бүх механизмуудыг нь цогцоор нь бий болгон ажиллагаанд оруулах тийм чанарын томоохон шийдлийг хийх ёстой юм байна.

Зах зээлийн эдийн засагт, зөвхөн түүнд заяагдмал мөнгөн гүйлгээ, төсөв санхүү, үнэт цаасны тогтолцоог зах зээлийн эдийн засгийнх нь зарчмаар жинхэнэ ёсоор шиидэж, үйл ажиллагаанд оруулах шаардлагатай байна. Нөгөө өнгөрсөн хугацаанд үүсгэн бий болгосон зах зээлийн эдийн засгийн үндсэн эд эрхтнүүдийг тэдгээрийг удирддаг тархи толгойтой нь холбож, тэдгээр эд эрхтнүүдийн хөдөлгөөнийг хооронд нь холбож байдаг тэр цусны эргэлтийн системийг жинхэнэ утгаар нь бүрдүүлэх нь зүйтэй юм.

Энэхүү цусны эргэлтийн системийг жинхэнэ утгаар нь, зах зээлд заяагдмал тэр хэлбэрээр нь бий болгон ажиллагаанд оруулахгүйгээр өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийг давах туулах бололцоогүй нь практикт мэдрэгдчихсэн. Хамгийн гол нь энэ цусны эргэлтийн системийг жинхэнэ утгаар нь, зах зээлд заяагдмал тэр хэлбэрээр нь бий болгон ажиллагаанд оруулахгүйгээр, зөвхөн хэсэг бүлэг эм тан, дусал, допинг хэрэглэвэл их л сайндаа хүндрэлийг нэг удаа шийдэж болох боловч эдийн засгийн хөгжлийн цаашдын ирээдүйг асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй ээ.
Зүйрлүүлж хэлбэл, зах зээлийн эдийн засгийн цусны эргэлтийн системийг бүхэлд нь эрүүлжүүлэхгүйгээр эдийн засгийн эмгэгийг анагааж чадахгүй, харин ч нэг удаагийн хагас дутуу шийдэл нь уг өвчнийг архагшуулан, цаашдаа эрүүлжүүлэх найдваргүй хорт хавдар болгон хувиргах ноцтой аюултай юм. Энэ утгаараа шийдлийн Засгийн газрын шийдлүүд нь ийм чанарын утга агуулгатай шийдэл байгаасай гэж хүсэн хүлээж байна.

Түрүүчийн шинэчлэлийн Засгийн газар энэ шийдлийг олж чадаагүйгээс болоод, зах зээлийн эдийн засаг гэдэг энэхүү бие махбодид нилээд хэмжээний эм тан, дусал, допинг хийж, биеийн байдлыг огцом сайжруулах гэж оролдсон боловч хүссэн үр дүн гарсангүй, харин ч эсрэгээрээ, даралт нэмэгдэж, биеийн хөдөлгөөн удааширч, ерөнхийдөө эдийн засаг улам хямарчихсан юм биш үү. Өнөөдрийн байдлаар Монголын эдийн засагт дээрхи зах зээлийн цусны систем бүрэн төлөвшөөгүй, одоо бий болгосон бүтэц нь өрөөсгөл байгаа тухай сүүлийн үед судлаач эдийн засагчид ярьж эхэлсэн. Үүний хамгийн тод нотолгоо нь манай эдийн засагт гүйлгээнд байгаа мөнгөний 90 гаруй хувь нь зөвхөн банкаар дамжиж байгаа юм. Арилжааны банкууд эдийн засаг, хөрөнгө оруулалтыг дэмжих үүргээ хэрэгжүүлэх чадавхитай болоогүй, харин эсрэгээрээ, мөнгө хүүлэгч шинжтэй болжээ. Хөрөнгийн зах зээл зогсонги байдалд орж, үнэт цаасны зах зээлийн олон элементүүд огт ашиглагдахгүй хэвээрээ байна. Нийгмийн даатгал, халамжийн тогтолцоо социалист агуулгатай, зах зээлийн өнгөтэй хэлбэрээрээ амьдрах чадвар нь улам багасч, тэр хэрээрээ нийт эдийн засагт дарамт болсоор удахгүй эдийн засгаа татан унагаагаад, нийгмийн хямралд хүргэх төлөвтэй.

Засгийн газар энэ байдлыг анзаарч, ач холбогдол өгч, шийдэл хүлээсэн асуудал гэж үзсэн бололтой. Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байгаа “Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөө”-ндөө зах зээлийн эдийн засагт заяагдмал тэр мөнгөн гүйлгээ, төсөв санхүү, үнэт цаасны тогтолцооны асуудлуудыг нилээд хэмжээгээр хөнджээ. Тухайлбал, уг төлөвлөгөөнд урт хугацааны даатгалын механизм, хуримтлалын даатгал, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежмент, үнэт цаасны зах зээлийн үнэлгээ зэрэг асуудлуудаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан нь чухал шийдлүүдийн үндэс мөн гэж үзэж дэмжиж байна.  Үүнтэй холбогдуулан, дээрхи асуудлуудаас энэ удаад зөвхөн хуримтлалын /урт хугацааны/ даатгалын асуудлыг хөндье.

Саяхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар талаар танилцуулахдаа “Манай улсын эдийн засаг хэрэглээнд тулгуурлан хөгжиж байгаа, гадны өндөр хөгжилтэй орнууд шиг их хэмжээний орлого, хөрөнгө хуримтлуулсан улс биш” гэж тэмдэглэжээ. Үнэхээр манай улс эдийн засаг өрнөж байсан цөөн жилүүддээ хуримтлалын асуудлыг улс төржих замаар ор мартаж, олсон жаахан хуримтлалаа үндсэндээ бүх хүмүүстээ тараан цацсан нь өнөөгийн эдийн засгийн хүндрэлийн нэг үндэс болсон юм. Энэ талаар биотехнологич Баабар ямар ч эдийн засагчаас илүү үнэнийг хэлээд байгаа л даа. Жинхэнэ зах зээлийн эдийн засгийн онолоор авч үзвэл, эдийн засгаа хөгжүүлэх гэж байгаа улс орон хуримтлалд онцгой анхаарч, түүнийг зах зээлийн механизмаар дамжуулан хэрэгжүүлэх замаар босдогийг Сингапур, тэдний алдарт удирдагч Ли Куан Ю-гийн жишээ тодхон харуулдаг.

Манай улсын хувьд зах зээлийн үндсэн механизмын учрыг олохгүйгээр өнгөц хандаж, эдийн засаг болон нийгмийн салбарын хоорондын зах зээлийн уялдаа, харилцан үйлчлэлийг зөв ойлгож чадаагүйгээс төрийн бодлого гажуудсан хэвээрээ байна. Эдийн засгийн хөгжил нь нийгмийн бодлогод чиглэж, түүнийг хэрэгжүүлэх үндэс суурь болдог нь эдийн засгийн маргашгүй үнэн /аксиом/ боловч нийгмийн салбарт зарцуулж байгаа санхүүжилтийг хуримтлал хэлбэрээр үүсгэвэл нь эргээд эдийн засгаа хөгжүүлэх  болон хөрөнгө оруулалт босгох нэмэлт томоохон эх үүсвэр болдог гэсэн зах зээлийн засгийн чухал зарчмыг бид одоо хүртэл мэдэхгүй, хэрэгжүүлж чадахгүй хэвээрээ байна.

Үүний жишээ бол тэтгэврийн хуримтлалын даатгал юм. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд төрийн нийгмийн даатгалтын хажуугаар хувийн тэтгэврийн даатгал үйлчилж, иргэдийн тэтгэврийн зориулалттай хуримтлалыг үр ашигтай, өгөөжтэй хэлбэрээр үүсгэж өрсөлдөх замаар нийгмийн даатгалын салбарыг илүү үр ашигтай болгож байдаг. Ингэж өндөр настай, хөдөлмөрийн чадваргүй болсон үед ахмадуудад хэвийн амьдрах баталгааг олгон төрөөс нийгмийн өмнө хүлээдэг  чиг үүргийг хэрэгжүүлэхэд оролцдог нь ойлгомжтой билээ. Мөн бас нэг чухал шинж чанар нь иргэдийн нийгмийн баталгааг хангахын хамтаар ихээхэн хэмжээний хуримтлал үүсгэн, хуримтлагдсан эх үүсвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар эдийн засгийн хөгжилд томоохон дэмжлэг үзүүлдэг. Үүнийг хэрэгжүүлдэг механизм нь хувийн тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан, амьдралын даатгал зэрэг юм.

Ингэж мөнгөн хөрөнгийн хуримтлалаар иргэдийн нийгмийн хамгааллыг баталгаажуулахын хамтаар эдийн засгийн хөгжлийн санхүүгийн нэг гол эх үүсвэрийг бий болгож, “1 сумаар 2 туулай буудаж” болдог нь зах зээлийн эдийн засгийн мөнгөн хөрөнгийн гүйлгээний нэг гайхамшигт чанар юм байна. Энэ чиглэлд хувийн хэвшлийн байгууллагууд, бизнес эрхлэгчид тодорхой механизмуудыг хэрэгжүүлээд эхэлчихсэн бөгөөд одоо бол төрөөс энэхүү эхлэлийг тодорхой бодлогоор, цаасаар биш, тодорхой механизм, арга хэмжээгээр дэмжээд өгөх л үлдээд байна даа.

Засгийн газрын төлөвлөгөөнд тусгагдсан үнэт цаасны зах зээлийг өргөжүүлэх, хуримтлалын даатгалыг хөгжүүлэх зэрэг зарчмын чиглэлүүд нь манай эдийн засгийг бүтцийг шинэчлэх замаар эдийн засгийн цаашдын тогтвортой хөгжлийг хангах, нийгмийн салбарыг эрүүлжүүлэх, төрийн ачааллыг бууруулах зарчмын шинэ шийдэл юм. Энэ бол цаашдын урт хугацааны өсөлт хөгжлийн нэг тулгуур үндэс бөгөөд энэ асуудлыг одоо цаг алдалгүй шийдвэл нилээн хэдэн жилийн дараа үүсэх магадлалтай эдийн засаг, нийгмийн хямралаас урьдчилан сэргийлж чадна.

Хямралаас ингэж урьдчилан сэргийлж чадвал тэр ирээдүй цаг үеийн хөгжлийг тэсрэлтийн шинжтэйгээр хурдасгах боломжийг ч өөртөө агуулж байгаа юм. Тэр утгаараа, өнөөдрийн цаг хугацааны шинжтэй эдийн засгийн хүндрэлийг шийдэх гол гарц болсон Оюу толгой, Таван толгойгоос ч илүү урт хугацааны ач холбогдолтой, Монголын эдийн засгийг бүхэлд нь эрүүлжүүлэх шинжтэй, зах зээлийн харилцааг бүрэн хэрэгжүүлснээрээ бүхэл бүтэн системийн чанартай шийдэл болох юм. Тодорхой шийдэлд чиглэсэн төрийн арга хэмжээнүүдийг иргэд, аж ахуйн нэгжүүд бүрэн дэмжих нь дамжиггүй.

Шийдлийн ЗГ шийдлээ шийдэж эхлэхгүй бол “шийдлийн” гэсэн үгнээс чинь “й” нь алга болно шүү.
                                                                                                                        С.Энхбаатар
                                                                                                                        “Өнөөдөр”, 2015.5.№ 114.
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Олон жил өнгөрч эргээд хархад эндээс шийдэл харагдах уу...
Altansukh Jambaa (зочин) хэзээ бичсэн: 2021-1-23 06:34 | |



:-)