Enkhbaatar
УИХ-ын 2017 оны 11 дугаар тогтоолын дагуу “Хот байгуулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг хийх шийдвэр гарч хэлэлцэж эхэлжээ. Монгол дахь хэрэгждэггүй олон хуулийг дахин нэг, арай өөр өнцгөөс авч үзвэл хэрэгждэг болж магадгүй гэж горьдон, тус дэм болох үүднээс зарим санааг асуудал дэвшүүлэн тавьж байна.

2019 оны байдлаар Монгол улсын 1 нийслэл, 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумдад 3 сая 296.3 мянган хүн ам амьдарч байгаагийн байгаагийн 68.5% нь хотын хүн ам гэж “Монгол улсын статистикийн эмхэтгэл 2019”-ийн үндсэн үзүүлэлтэд гаргажээ.

Одоогийн манай хот байгуулалтын тухай ойлголтуудыг эрх зүйн үүднээс нь авч үзвэл ойлгомжгүй асуудлууд олон байгаа юм.  Аймаг, нийслэл, хот, тосгон, хот, хөдөө, чөлөөт бүс зэрэг асуудлууд нь цэгцэрсэн системгүй харагдаад байгаа юм. Нийслэл болон аймгууудын төв нь хот байх уу, хөдөөд нь юу нь орох вэ. Бас нэмэгдээд бүсүүд гаргаад, бүсийн тулгуур төв хот тус бүр хоёр хоёр гэчихсэн, 6 аймгийн дунд Монголчууд хойно 2 төвтэй байж болох юм гэхэд зүүн бүсийн 3 аймгийн 2 нь төв байх даа ч яахав дээ, нэгийгээ барьж байгуулж, тодорхойлчихож чадахгүй байж, хоёрыг байхдаа ч яахав дээ. Хот байгуулалт гэж байгаа юм чинь цаашдаа тосгон байгуулалт, хөдөө байгуулалт гээд үргэлжлэх үү гээд асуудлууд олон байна аа.

Одоо шинэчлэн найруулахаар ажиллаж байгаа 2008 онд баталсан “Хот байгуулалтын тухай” хуулийн зарчмын зарим асуудалд анхан шатны шинжилгээ хийж үзье.

Хуульд хэрэглэсэн нэр томъёонуудын хамгийн эхэнд хуулийн 3.1.1хот байгуулалт” гэж түүх, соёл иргэншлийн уламжлал, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцүүлэн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэхийн тулд бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, иж бүрэн тохижуулах цогцолбор үйл ажиллагааг хэлнэ гэж тодорхойлжээ.

Уг хууль нь хот байгуулалт, төлөвлөлтийн зарчим, хот байгуулалтын үйл ажиллагааны талаархи төрийн байгууллагын бүрэн эрх, хот байгуулалтын баримт бичиг, хот, тосгоны нутаг дэвсгэрийн бүсчлэл, хот төлөвлөлтийн үйл ажиллагааны зохицуулалт,  хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохицуулах, хот байгуулалтын кадастр болон хот байгуулалтын үйл ажиллагаанд тавих хяналт, шинжилгээ гэсэн бүлгүүдээс бүрдэж байгаа юм. Хамгийн энгийн шинжилгээний үүднээс энэ жагсаалтыг л харахад дараахи байдал харагдаж байгаа юм. Үүнд:
ь хот байгуулалт, хот төлөвлөлтийн асуудлууд нь нэг салж, нэг нийлж холилдсон,
ь зөвхөн хот, тосгоны нутаг дэвсгэрийн тухай асуудлыг хамран авч ярьж байгаа,
ь хот байгуулалтын үйл ажиллагааны зарим асуудлуудыг нь бусдаас нь тусгайлан салгаж тавьсан.
ь Дээрхи асуудлуудыг цогцоор нь агуулдаг архитектурын шинжлэх ухааны суурь ойлголтыг тусгаагүй.

Мөн хуульд 18 нэр томьёог тодорхойлж, УИХ-ын 5, Засгийн газрын 7, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 12, аймаг, нийслэлийн ИТХ-ын 7, Засаг даргын 6 бүрэн эрх, аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын 8 эрх, үүргийг зааж, хот байгуулалтын 9 баримт бичгийг тогтоож өгчээ. Эдгээр нь хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл; бүсийн хөгжлийн төсөл; чөлөөт бүс, аялал, жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөө; хот, тосгоны хөнжлийн ерөнхий төлөвлөгөө; хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө; хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө; барилга байгууламжийн зураг төсөл; хот төлөвлөлтийн суурь судалгаа, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслүүд юм.

Ийм анхан шатны шинжилгээг үндэслэн авч үзэхэд л одоогийн үйлчилж байгаа, шинэчлэн найруулах гэж байгаа хуулийн агуулга нь хэт явцуу байгаа гэсэн дүгнэлт хийж болох юм. Өөрөөр хэлбэл, асуудлыг зөвхөн “хот байгуулалт”-ын хэмжээнд л авч үзэж, асуудлыг зөвхөн хотыг бүрдүүлэгч барилга байшин барьж байгуулах асуудалд зангидаж, үндсэндээ барилгажилт, бичиг баримтын  асуудлыг голлон тодорхойлж авч үзжээ. Харамсалтайн урьдах болон одоогийн хуулиудад агуулга мөн чанарыг ерөнхийд нь тодорхойлсон үндсэн суурь нэр томьёо “ХОТ” гэдэг үгийн орхигдуулснаас салбаруудын хууль, төсөл хөтөлбөр, журмуудад 9 янзаар, өөр өөрийн мэргэжлийн өнцгөөр томьёолж хуульчилсан байна.

Гэтэл архитектурын шинжлэх ухааны утга аргачлалаар авч үзвэл ийм төрлийн хууль нь улс үндэсний хэмжээний хүн амын нутагшилт, суурьшлын соёлын асуудлыг мэргэжлийн өнцөгөөс архитектурын шинжлэх ухааныд тулгуурлан хөндөх ёстой юм. Ингэж авч үзвэл, монгол улсын хувьд өөрийн өвөрмөц түүхэн онцлогийнхоо дагуу нийт хүн амынхаа суурьшлыг хот, суурингийн ба хөдөөгийн хүн ам гэж ангилж байгаа нь  олон улсын ойлголтоор  суурин соёл, нүүдлийн соёл иргэншил гэсэн хэлбэрийг хослуулсан хэлбэрт нийцэх нэр томьёо болох юм.  Дээрх агуулгын дагуу хот суурингийн хүн ам нь төвлөрсөн хот, суурин, тосгонд “хот цогцлоох” хэлбэрээр орон сууц, барилга байгууламжаа барьж суурьших бол хөдөөгийн хүн ам нь “хот айл”-ын уламжлалт ахуй соёл, мал аж ахуйн хөдөлмөрийн хуваарьт тулгуурласан орчин үеийн дижитал эриний ололтын ашигласан үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэх  хэлбэрээр амьдрах ёстой гэсэн зарчмын саналыг дэвшүүлж байна.

Асуудалд ингэж мэргэжлийн үүднээс хандах суурь нь Монгол улсын үндэсний язгуур эрх ашиг, уламжлалт соёл, архитектур, хот, ордын түүх, хэрэглээний шинжлэх ухаанд  тулгуурлаж, “ХОТ”-ын амин сүнс болох ХҮНий амьдралын цогц үйл ажиллагааны төлөө, нийт хүн амын нутагшилд тулгуурлаж, хөгжлийн соёл иргэншлийн анхны тэргүүлэх хэрэгцээ, шаардлагыг үндэслэж, тэдгээрийг цогцоор нь судалж, тодорхойлж, үнэлэлт өгч, улмаар цаашдын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиг хандлагыг тодорхойлох, хөгжүүлэх үйл ажиллагаа байх юм.

Энэ хандлагын үүднээс улс орны хэмжээний хүн амын нутагшилт, суурьшлын асуудал гэдэг нь “ХҮНСЕТ”  /хөгжил, үндэсний нутагшилт, сууршлын ерөнхий төлөвлөгөө”/ гэх суурь, цогц концепци  төсөлд суурилсан, архитекурын төсөл, хөтөлбөр, зураг төсөв, бичиг баримтын дагуу мэргэжлийн удирдлагаар хангаж, урт хугацаанд үе шатаар залгамж чанартай, тасралтгүй үргэлжлүүлэх, цоглоох үйл ажиллагаа болох юм.

Хуульд ийм концепцийн чанартай агуулгын өөрчлөлт хийхгүй бол энэ хууль одоогийнх шигээ хэрэгждэггүй, мөрддөггүй арга хэмжээ, баримт бичгийн жагсаалт, архитектурын нэг хэсэг “хот байгуулалт” гэдэг нэр томьёоны тайлбар тодорхойлолтын олон хувилбартай цаасан цуглуулга хэвээрээ л байх болно.

Мөн хуулийн шинэчлэлд улс орны хэмжээний нийт хүн амын нутаг дэвсгэр дэх суурьшлын бодлого, төлөвлөлтийн “ХОТ” гэдэг ойлголтын дор  “ХОТ ЦОГЦЛООХ”  болон “ХОТ АЙЛ”-ын уламжлалт “ гэр хороолол”-ын хөгжлийн төлөвлөлт, байгуулалтын зарчим,  үйл ажиллагааны талаархи иргэд, төрийн байгууллагуудын оролцоо, мэргэжлийн удирдлага бодлого, төлөвлөлт, хотын нийгэм, техно-эдийн засаг, хөрөнгө оруулалт  гэсэн бүлэг, цогц ойлголтуудыг тодотгож нэмж оруулах  шаардлагатай.

Уг хуулийн жишээн дээр авч үзэх нэг асуудал бол хуулийн хамрах асуудлын хүрээний тухай асуудал юм. Мэдээж, төрөөс хэрэгжүүлэх баримт бичгийн хувьд аливаа хуульд төрийн байгууллагуудын бүрэн эрхийг зааж өгөх нь чухал байж таарна. Гэхдээ тэдгээр бүрэн эрхүүд, мэргэжлийн үйл ажиллагаануудын хоорондын оновчтой уялдаа холбоо, харьцааг зөв тогтоож өгөх асуудалд байнга анхаарч хөгжүүлж байх ёстой. Одоогийн Монгол улсын эрх зүйн баримт бичгүүдэд хэт төвлөрүүлэх чиг хандлага давамгайлж байгаа нь нууц биш ээ.  Ингэхдээ мэргэжлийн удирдлагыг дээшээ засаг захиргааны чиглэлээр хэт төвлөрүүлсэнээ нуун далдлах гэж дунд, доод шатны салбар, салбар хоорондын байгууллагуудад техникийн шинжтэй хэт олон гэж хэлж болох хэт жижиг бүрэн эрхүүдийг ч бичиж оруулдаг. Энэ нь цаашдаа төрийн захиргааны хүнд суртал,  мэргэжлийн бус сүлжээг улам өргөжүүлэн бэхжүүлж, хот суурингийн эдэлбэр газрыг дайны  талбар, наймааны зэвсэг болгох,  газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гэгч баримт бичгийг “ХОТ”-ын үндсэн тулгуур болгон  үргэлжлүүлэн хуульчлах эрсдэлийг дагуулсаар байх юм.

Уг хуулийн жишээн дээр авч үзэх нэг асуудал бол хуульд заасан асуудлуудын хоорондох нарийн мэргэжлийн уялдаа холбоо, эрэмбэ дараалал, техниологийн асуудлуудыг оновчгүй мэргэжлийн бус тодорхойлсон байна. Хуулийн “Хот байгуулалтын баримт бичиг“ гэсэн 11-р зүйлд нэр бүхий 9 баримт бичгийг тогтоосон эрэмбээс авч үзвэл хамгийн гол, суурь баримт бичиг нь хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл байх ёстой. Гэтэл энэ чухал суурь баримт бичгийн тодорхойлолтоо хуулийн нэр томьёондоо тусгаагүй байна. Тэгсэн мөртлөө 4, 5, 8 , 9-р эрэмбэлэгдсэн баримт бичгүүдийг нэр томьёо болгон оруулжээ. Ямар шалгуураар ингэж хуульчилсныг хэн ч үл мэднэ. Гэтэл өнөө үеийн мэргэжлийн болоод архитектурын онол, практик, хөгжлийн  шинэ шинэ чиг хандлага,  инновацийн ойлголтыг дагасан орчин үеийн нэр томьёоны хэрэглээг огт тусгаж оруулаагүй байгаа юм.

Хуулийн 3.1.15 дахь нэр томьёо болгон томьёолсон “гэр хорооллын төлөвлөлт” гэдэг нэр томьёо энэ хуулинд дахиж нэг ч удаа гарч ирсэнгүй. 18 нэр томьёоны ихэнх нь техникийн шинжтэй нэр томьёонууд байгаа юм. Энэ бол бас л Монголын эрх зүй огт системгүй байгааг нотлон харуулж байгаа юм. Ялангуяа техник, технологи, техно-эдийн засгийн шинжтэй ямар асуудлыг, ямар нэр томьёог хуулинд тусгах, ямар асуудал, нэр томьёог хуулийг дагалдан гаргах журам, заавруудад яаж тусгах вэ гэдэг нь огт ойлгомжгүй байгаагаас үүдэн тухайн хуулийг оруулж ирж байгаа салбарын мэргэжилтнүүдийн үзэл бодлоос шууд хамаарч байна. Эрх зүйн мэдлэггүй хууль тогтоогчид гэгчид битгий хэл, мэргэшсэн хуульчид ажиллах ёстой УИХ-ын Тамгийн газар, Хууль зүйн яамны мэргэжилтнүүд нь нэгдсэн ойлголт байхгүй, чиг баримжаагүй хэвээрээ байна.

Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл монголын “ архитектур, хот цогцлоох” тухай суурь ойлголтыг хуулинд   тодотгон тусгах нь хуулийн тулгуур зарчмын нэг асуудал бөгөөд түүний тойрч монгол үндэстний мянга мянган жил туулж ирсэн түүх, өөрийн соёл уламжлалд тулгуурлан хот орд, болон хот айл, гэр, хэлбэрээр суурьшиж ирсэн оюун санааны биет болон биет бус өвийг тээж яваа  монголын  төлөвлөгч архитектор, МОНГОЛЫН АРХТЕКТУР-ын түүхэн хөгжлийн тухай асуудал юм. Одоо хүртэл бид АРХИТЕКТУР гэдгийн дор зөвхөн хот байгуулалт, барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичигийг  засаг захиргааны удирдлага, хөрөнгө оруулагч, барилга захиалагчын хүсэл даалгаварыг  боловсруулдаг техникийн архитектор, инженерүүд ойлгоод байгаа бол энэ нь өргөн утгаараа нийгмийн хүрээнд авч үзвэл хүн-нийгэм, техно-эдийн засгийн захиалга, хүсэл эрмэлзлэлийг  уламжлагдан ирсэн түүх, соёл, суурьшилыг байгаль орчинтой цогцоор нь архитектурын Ш/У-ны арга аргачилаар  урлаг болтол нь цогцлоох тухай асуудал юм. Дээрхи асуудлуудыг цогцоор хамрах хүрээг нийт нутаг дэвсгэрээр нь улс орны хэмжээний хүн ам нутагшилт, амьдрах суух  орон зайн оновчтой байршил, бүтцийн тухай асуудлыг бусад салбаруудын ерөнхий бодлого төлөвлөлтийг нэгдсэн байдлаар нэгтгэж  олон хэмжээст орон зайн төлөвлөлтөөр хоорондын нарийн харилцаанд нь архитектур төлөвлөлтийн арга аргачиллаар гүйцэтгэж цаашид хөгжих хөгжлийн чиглэлийг тодорхойлох явдал юм. Одоогийн хуульд хэргэлгээний Ш/У –ны архитектур гэдэг өргөн хүрээтэй цогц ойлголтыг нэр томьёондоо тодорхойлж оруулаагүй мөртлөө түүний салбар чиглэл бүрийн гүйцэтгэдэг олон мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн техниолгийн төлөвлөлтийн дараалал бүхий ажилбарыг орхигдуулж архитектор гүйцэтгэгчийн тухай оруулсан нь “ХОТ” гэдэг хамтын бүтээлийн цогцоор хэрэгжих бололцоог алдагдуулж утаа, түгжрэл, бохир орчинт, хуулбар цаасан хотуудыг үргэлжлүүлэн бий болгох эрх зүйн харалган орчинг бүрдүүлсэн гэлтэй.

Одоогийн хуулийг шинэчлэх найруулах явцад бидний ярьж байгаа зарчмын асуудлууд тусгагдахгүй тохиолдолд хууль одоогийнх шигээ түүхий хэвээрээ байх болно...

                                                                                               
                                                                                         “Архитектур,  хот цогцлоох зохиогчдын нэгдсэн холбоо”-ны тэргүүн, зөвлөх архитектор  Ж.Алтансүх (Ph.D)
                                                                                                                                                                                                                          Судлаач,  эдийн  засагч  С.Энхбаатар (Ph.D)  
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)